Өвөр Монголын Өөртөө засах орны Геологийн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “ХЯТАДЫН БҮС НУТГИЙН ГЕОЛОГИ – Өвөр Монголын өөртөө засах орон” Хятад хэл дээрх бүтээлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Геологийн албаны харьяа Хятадын геологийн шинжлэх ухааны академиас хүлээлгэн өгснийг Монгол улсын Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивд бүртгэлжүүлэн, хүлээн авлаа.
Энэхүү бүтээл нь сүүлийн 30 жилийн хугацаанд Өвөр Монголын өөртөө засах оронд хийгдсэн 1:50000, 1:250000-ны масштабтай геологийн зураглал болон төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэсэн цогц бүтээл юм. Уг эмхэтгэлийг 1991 онд хэвлэгдсэн “Өвөр Монголын бүс нутгийн геологи” бүтээл дээр үндэслэн, шинэчлэн боловсруулсан байна.
Нийт 3 боть болон хавсралт зургуудаас бүрдэх бөгөөд агуулгын хувьд Бүс нутгийн давхарга зүй, Тунамал чулуулаг ба хурдас хуримтлал, Магмын чулуулаг ба магмын үйл ажиллагаа, Интрузив чулуулаг ба плутонизм, Офиолит меланжууд, Метаморф геологи, Геофизик ба гүний геологи, Геологийн структур, Дөрөвдөгчийн геологи ба геоморфлоги, Бүс нутгийн геологийн хөгжлийн түүх гэсэн бүлгүүдээс бүрдэнэ. Хавсралт зурагт Өвөр Монголын Өөртөө Засах Орны 1:1000000 масштабтай Геологийн зураг, Тектоникийн зураг, Интрузив чулуулгийн зураг, Магмын чулуулгийн зураг, Метаморф геологийн зураг, Дөрөвдөгчийн геологи, геоморфологийн зургийг багтаасан байна.
“ХЯТАДЫН БҮС НУТГИЙН ГЕОЛОГИ – Өвөр Монголын өөртөө засах орон” нь агуулга өргөн, нарийвчлал сайн, бодит мэдээлэлтэй, эрдэм шинжилгээний өндөр түвшинд боловсруулагдсан, үнэ цэнэ бүхий лавлах эх сурвалж бүтээл юм. Энэ нь Бүс нутгийн геологи, Ашигт малтмалын геологи, Газрын тосны геологи, Газар хөдлөл, Геофизик, Геохими, Гидрогеологи, Инженер геологи, Геоэкологи зэрэг олон салбарт судалгааны болон сургалтын үйл ажиллагаанд ашиглахад тохиромжтойгоос гадна гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд шаардлагатай геологийн суурь мэдээлэл болгон ашиглах боломжтой юм.
Геологийн баримтын төв архивд уг бүтээлийг хүлээн авснаар хөрш орны геологийн суурь судалгаатай харьцуулалт хийх, хил дамнасан геологийн судалгааг өргөжүүлэх зэрэг цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой Хятад хэл дээрх эх сурвалж болон нэмэгдэж байна.
