Үндэсний геологийн алба Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-тай Монгол Улсын хил орчмын бүс нутгийн геологийн тогтоц, ашигт малтмал, гео-орчин, гео-гамшиг болон бусад газрын хэвлийн онцлогийг тодорхойлох суурь судалгааны ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай суурь судалгааны чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хил орчмын газрын хэвлийн цахим өгөгдөл болон зурган мэдээллийг зохих түвшинд солилцож хил орчмын судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од, Геологийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн П.Энх-Амгалан нар нөгөө талаас Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, Захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн дэд дарга, бригадын генерал, Д.Мөнгөнжин, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэчимэг, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Г.Цогбадрах нар оролцлоо.
