Мэдээ Хэвлэлийн мэдээ

Эмгэнэл

Лхамсүрэнгийн МЯГМАРСҮРЭН

(1938-2026)

Монгол Улсын Тэргүүний геологич, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын шатрын мастер, ахмад геологич Лхамсүрэнгийн МЯГМАРСҮРЭН 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн таалал төгсөж, Монголын геологи болон шатрын спортын салбар нэгэн эрхэм хүмүүнээ алдлаа.

Л.Мягмарсүрэн нь 1938 онд Ховд аймгийн Буянт суманд төрж, аймгийн төвийн 10 жилийн сургуулийг дүүргэж, улмаар 1965-1970 онд Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуульд суралцан геологи-эрэл зураглалын инженер мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр өөрийн ухамсарт амьдралаа геологийн салбарт зориулахын зэрэгцээ шатрын хөлгийн ард оюунаа уралдуулан хүч үзэж явсан дэлхийд үнэлэгдсэн шилдэг тамирчин хүн байлаа.

Л.Мягмарсүрэн нь 1970 оноос ТЭХГУУЯ-ны дэргэдэх Улсын геологийн фондод ажиллаж, улсын хэмжээнд олон жил хуримтлагдсан геологийн баримт материал, тайлангийн хадгаламжид тулгуурлан Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн баланс гаргах, тайлангийн реферат, кадастр бичих, металлометр, шлих, геофизик, палеонтологийн нэгтгэсэн зураг, каталог зохиох зэргээр геологийн мэдээллийг системчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын геологийн салбарын шилдэг мэргэжилтний нэг байлаа.

Түүний «Монголын нутаг дахь фауна, флор, пыльц ба спорын олдворын байршлын каталог» (1981), «Монголын нутаг дэвсгэрээс 1935–1990 онд олдсон амьтан, ургамлын үлдэгдлийн бүртгэл» (1984), «Геологийн фондод 1941–1976 онд орсон тайлангийн мэдээллийн эмхэтгэл» (1986) зэрэг бие даасан болон хамтын олон тооны тайлан Геологийн баримтын төв архивт хадгалагдан, салбарын мэдээллийн сангийн үнэт өв болон үлджээ.

Л.Мягмарсүрэн нь мэдээллийн сангийн судлаачаас хээрийн үйлдвэрлэлд шилжиж, Төвийн геологийн удирдах газар, Олон улсын геологийн экспедици, Могой голын алтны «ЭБЭ» ХК-д ажиллан, Төв, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Баянхонгор аймгуудын нутагт 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, хайгуул, гидрогеологийн судалгаа, усны хайгуул хийж, Дундговийн Олгойн говь, Улаанбаатар хотын Долоон худгийн хөндийн уст цэгийн нөөц тогтоох ажилд оролцсон төдийгүй Ерөөгийн Могойн голын алтны уурхайд хяналтын инженерээр ажиллаж байгаад 2003 онд өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд геологийн салбарт 30 гаруй жил цуцалтгүй хөдөлмөрлөсөн Монголын геологийн салбарын шилдэг геологичдын нэг байсан юм.

Л.Мягмарсүрэн нь мэргэжлийн ажлынхаа зэрэгцээ Монголын шатрын спортыг хөгжүүлэхэд бие, сэтгэлээ зориулсан нэгэн бөгөөд Монголын шатрын түүхэнд мөнхөд бичигдэх амжилт гаргасан шилдэг тамирчин хүн байсан юм. Тэрээр бага залуу наснаасаа буюу 1957 оноос олон улсын хэмжээний шатрын тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1960 онд Германы Лейпциг хотноо болсон Дэлхийн шатрын XIV олимпиадад Монголын багийн дөрөвдүгээр ширээнд тоглон Алтан медаль хүртсэн. Тус тэмцээнд хорин өрөг тоглож, арван дөрөв хожиж, тав тэнцэн, нэг хожигдож, арван зургаа хагас оноо буюу 82.5 хувийн амжилт үзүүлсэн Монголын шатрын түүхэнд үлдсэн бахархалт амжилтын эзэн байсан юм.

Л.Мягмарсүрэн нь 1965 онд Монгол Улсын шатрын аварга болж, улмаар 1980, 1981, 1982 ондуудад дараалан аваргалж, оюуны спортын шилдгүүдийн нэг болсоноо  баталсан тул шатрын спортын олон улсын мастер болсон түүхтэй.

Олон улсын хэмжээнд буюу Азийн бүсийн тэмцээнд түрүүлж, 1967 онд Тунисын Сус хотод болсон Дэлхийн аваргын төлөөх бүс хоорондын тэмцээнд оролцсон нь түүний шатарчин-геологичийн замналын түүхийн бас нэгэн чухал шигтгээ болжээ.

Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх шатарчидтай нэг тэмцээнд сууж, нэгэн ижил хөлөг дээр бодол ухаанаа сорих эрхийг тэр өөрийн тоглолтоор олж авч байсныг бид мартах учиргүй. Тэрээр Дэлхийн шатрын арван олимпиадад Эх орноо төлөөлөн оролцож, үүнд нөр их бэлтгэл хийж, олон зуун өрөг, хожил, хожигдол, тэдгээрээс олсон туршлагаа Монголын залуу шатарчдад зааж сургасан эгэл нэгэн хүмүүн юм.

Л.Мягмарсүрэн нь Монгол гэсэн нэрийн өмнөөс шатрын хөлгийн ард суух үүргийг олон жилийн турш хүлээж, Дэлхийн шатрын хүчтэй өрсөлдөөн дунд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, өөрийн хувь нэмрийг оруулж явсан Монгол Улсын шилдэг шатарчдын нэгэн билээ. Тухайлбал, Монгол Улсын шатрын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон удаа багтан уралдаан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцохдоо дэлхийн аврагууд – М. Таль, В. Смыслов, Р. Фишер, дэлхийн аврагын төлөө өрсөлдөж явсан Б. Ларсен, П. Керес, В. Корчной, В. Горт, Э. Мекинг, Л. Портиш, Л, Штейн, Е. Геллер нарын алдар цуутнуудтай хүчээ үзэж явсан тамирчин байсан юм. Тэрээр Швейцарийн олимпиадад Исландын их мастер Фридрик Олафссоныг хожсон өргөө өөрийн хамгийн шилдэг өрөг хэмээн нэрлэсэн байдаг.

Өнөөдөр түүний тоглосон өргүүд тэмцээний бүртгэл, шатрын мэдээллийн санд хадгалагдан үлдэж, Монголын ирээдүйн шатарчид дахин өрж, нэг нүүдлийн учрыг бодож, өөрийн шийдэлтэй харьцуулан судлах үнэт түүхэн өв болон үлдлээ. Шатарчин хүний үлдээдэг өвийн нэг онцлог, түүний үнэ цэнэ нь энэ юм

Түүний спортын амжилтыг нь үнэлэн 1996 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон бөгөөд 1999 онд Дэлхийн шатрын холбооны 75 жилийн ойн их хуралд уригдан оролцоход «Дэлхийн шатрын Алтан дэвтэр»-т нэрийг нь мөнхөлсөн.

Л.Мягмарсүрэний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлж Монгол Улсын тэргүүний геологич тэмдэг, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Ардчилал одон, Ардчиллын төлөө ахмадын одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, таван жилийн гавшгайч тэмдгээр шагнасан.

Аливаа ажилд шударга, үнэнч, шийдмэг, шуурхай хандахыг амьдралын зарчмаа болгож явсан Л.Мягмарсүрэн гуай залуу геологичдод мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж, өсвөр үеийнхэнд шатар зааж, оюуны чадавхийг нь хөгжүүлэхэд бие, сэтгэлээ зориулсан билээ. Түүний Монгол Улсын геологийн салбар, Улсын геологийн фондын хөгжилд оруулсан хувь нэмэр, үлдээсэн бүтээл, өв нь хойч үеийн геологичдод үлгэр дуурайл болж мөнхөд үлдэх болно.

Ахмад геологич-шатарчин Л.Мягмарсүрэнгийн гэргий, их эмч М.Долгорсүрэн, үр хүүхэд, ач зээ, ураг төрөл, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ахмад геологич-шатарчин түүний гэгээн дурсгал мөнх оршиг.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА

Exit mobile version