Мэдээ

Мэндчилгээ

Геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхийг хөдөлмөр зүтгэл, бие сэтгэлээрээ бүтээлцсэн ахмадууд, салбарын нийт ажилтан албан хаагчид, эрдэмтэн мэргэд, үе үеийн геологичид Та бүхэндээ Монгол улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ой, Үндэсний Геологийн алба сэргээн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Геологи судалгааны ажлын гэрээгээр 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 27,7 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс 18.6 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэж 1-8 дугаар сарын гүйцэтгэлээр 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

Магма майнз ХХК нь 1:50.000 масштабын геологи судалгааны ажлын хүрээнд цаашид жишиг болохуйц тайлан бэлтгэж онц дүнтэй хамгааллаа. Мөн 1:1000 000 масштабын гео-химийн судалгааны ажлаар МУ-ын газрын хэвлийн геологийн нас, тогтоц, эрдэс чулуулгийн тархалтыг танин мэдэхэд сонирхол татахуйц мэдээллийг Ди Пирамид ХХК урьдчилсан байдлаар ирүүлээд байна. Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын судалгааны ажлын гүйцэтгэлээр урьдчилсан байдлаар Өндөр богдын алтны илрэл, Ширдэгтийн зэсийн илрэл нь найдлага төрүүлэхээр байна. Гурван талст ХХК-ийн 1:50 000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд Их говийн дархан газрын А бүсэд зэрэгцэн орших Зэс порфирийн хүдэржилт бүхий Олон тогоотын болон Эпитермаль алтны Залгаа залаат илрэлүүд нь хэтийн төлөвтэй байх магадлал өндөр гэх мэт олон сайхан мэдээтэй Геологичдын баяраа угтаж байна.

Геологич та бүгдийн ажлын төлөвлөлт зохион байгуулалт, хэрэгжилт үр дүнгээс Монгол улсын эрдэс баялгийн салбарын цаашдын хөгжил ихээхэн хамаарах төдийгүй 1939 оноос өнөөг хүртэл бий болсон газрын хэвлийн мэдээллүүдийг шинэ, дэвшилтэт, цахим технологиор баяжуулан нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой түүхий эд болох эрдэс, баялгийг богино хугацаанд нээн илрүүлэх боломжууд бидний өмнө байсаар байна.

Геологи эрдэс баялгийн салбарын баярын мэндийг Та бүхэндээ дахин хүргэж ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үндэсний геологийн алба

Exit mobile version