
БАТ-ЭРДЭНЭ ОВОГТОЙ САЙНЖАРГАЛ
/1984-2025/
Монгол Улсын мэргэшсэн геофизикч, бидний эрхэм дотнын нөхөр, шилдэг манлайлагч хамтран зүтгэгч Б.Сайнжаргал маань 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Бат-Эрдэнэ овогтой Сайнжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод айлын ууган охин болон мэндэлжээ.
1991-2001 онд Улаанбаатар хотын “Ирээдүй” цогцолбор сургуулийг амжилттай төгсөөд улмаар 2002-2006 онд Монгол Улсын Их сургуулийг Хайгуулын геофизик мэргэжлээр байгалийн шинжлэх ухааны бакалавр, 2010-2012 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг Уул уурхайн менежмент мэргэшлээр Бизнесийн удирдлагын магистр, 2015-2016 онд БНЭУ-ын Энэтхэгийн зайнаас тандан судлалын хүрээлэнг “Газарзүй мэдээллийн систем ба Зайнаас тандан судлал” мэргэшүүлсэн курст суралцаж төгссөн.
Б. Сайнжаргал нь ажлын гараагаа “Геомастер инженеринг” ХХК-д туслах оператораар эхлэн 2006 оноос Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн мэдээллийн төвийн Геологи мэдээллийн сангийн зургийн хэсэгт геологич инженер, 2011 онд Ашигт малтмалын газрын УГЗ-200 Дорнод Монгол төсөлд геологич инженер, Геологийн мэдээллийн төвийн архивд Мэдээллийн сангийн геофизикч инженер, 2016 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвд Геофизикийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, 2020 оноос Үндэсний Геологийн албаны Гео-мэдээллийн төвийн геофизик, газрын тосны сангийн баяжуулалт боловсруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Б.Сайнжаргал нь ажиллах хугацаандаа геологийн мэдээллийг цахимжуулах, Монгол Улсын Засгийн газрын “Үндэсний гео-мэдээллийн сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бид бүхний бахархалт залуу инженер байсан билээ.
Түүний геологийн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2009, 2019 онд Геологийн албаны 70, 80 жилийн ойн медаль, 2014 онд Уул уурхайн яамны жуух бичиг, 2016 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэг, 2017 онд Тэргүүний геологич цол тэмдэг, 2024 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.
Б.Сайнжаргал нь эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, ажилдаа үнэнч шударга, ажилч хичээнгүй, хамт олон, аав, ээж, ах, эгч, дүү, хань, үр хүүхэд, сурагч, оюутан үеийн найз нөхөд, ажлын газрын хамт олондоо хайртай, эвтэй найртай, нөхөрсөг, тусархаг нэгэн байлаа.
Талийгаачийн Геологийн салбарт үлдээсэн зам мөр, хичээнгүй зүтгэл, нөхөрсөг, хүнлэг, нандин сайхан зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, цаг ямагт дурсагдах болно.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОФИЗИКИЙН ХОЛБОО