mn
70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    Геологийн баримтын төв архивын танилцуулга

    • Геологийн баримтын төв архивын танилцуулга
    • Архивын харъяалал бүтэц, зохион байгуулалт
    • Архивын зорилт , чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаа
    • Архивт хадгалагдаж буй баримтын бүрэлдэхүүн, төрөл зүйл, тоо хэмжээ
    • Архиваас боловсруулсан эрдэм шинжилгээний лавлахууд, судалгааны ном зохиол бүтээлүүд
    • Хоёр. Архивын хоёрдогч мэдээллийн сан үүссэн нь.
    • Хэрэгжиж дууссан мэдээллийн сангийн төслүүд.

    1957 оны Сайд нарын зөвлөлийн 641 дүгээр тогтоолоор Улсын геологийн фондыг байгуулсан.

    1959 онд Геологи Шинжилгээний Газарт Геологийн хэлтэс нэртэйгээр  нэгтгэсэн.

    1960 оны Намын Төв Хорооны Сайд нарын зөвлөлийн 171/112 тогтоолоор Нийгмийг  Аюулаас Хамгаалах Яаманд шилжүүлсэн.

    1962 онд  Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 115/150 дугаар тогтоолоор Геологи Шинжилгээний Газарт нэгтгэсэн.

    1976 он хүртэл хугацаанд Геологийн яам, Түлш эрчим хүч, үйлдвэрийн яамны геологийн хэлтэс болгон зохион байгуулсан.

    1976 онд Сайд нарын зөвлөлийн 92 тоот тогтоолоор Улсын геологийн фондыг дахин байгуулсан.

    1992 онд Ашигт малтмалын газрын хэрэг эрхлэх газрын Геологийн албанд нэгтгэсэн.

    1995 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн Эрчим хүч, Уул Уурхайн сайдын 10 дугаар тушаалаар Улсын геологийн фонд- Хяналтын газар нэртэйгээр байгуулсан.

    1997 оны 5-р сарын 30-ны Засгийн газрын 132 тоот тогтоолоор Ашигт малтмалын газрын хэрэг эрхлэх газарт нэгтгэсэн.

    2009 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын 3 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Ашигт малтмалын газрын Геологи, Судалгааны хэлтсийн  Геологи мэдээллийн тасаг болгон өөрчилсөн.

    2009 онд   Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын 4 дүгээр сарын 10-ний өдрийн 72 тоот тушаалаар Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтсийн “Геологи мэдээллийн тасаг” болгон өөрчилсөн.

    2012 онд Уул уурхайн яамны сайдын 10-р сарын 11-ний өдрийн 37 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 634 тоот тушаалаар Геологийн албаны “Геологи мэдээллийн төв архив” болгон өөрчилсөн.

    2015 оны Уул уурхайн яамны сайдын 2 дугаар сарын 27-ний өдрийн 35 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б/74 дугаар тушаалаар Геологийн албанд нэгтгэсэн.

    2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 10 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийг байгуулсан.

    2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 230 дугаар тогтоолоор Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” шинээр байгуулагдаж, түүний бүтэц, зохион байгуулалтын нэг нэгжид Геологийн баримтын төв архив нь бие даасан нэгжээр ажиллаж байгаа болно.

    Улсын геологийн фонд 1957 онд Геологи шинжилгээний газрын харъяанд 2 орон тоотой (дарга нь анхны геологич Ж.Дүгэрсүрэн) зохион байгуулагдан үүсчээ.

    1959 оны 2 дугаар сард Улсын геологийн  фондыг хэлтэс  (Газрын даргын 1959 оны 2 дугаар сарын 2-ны 23 тоот тушаал) болгон зохион байгуулжээ. Геологийн архивын ихэнхи материал улсын нууцын зэрэгт багтдаг байсан учир 1960 онд Улсын геологийн фондыг  Нийгмийг  аюулаас хамгаалах яамны мэдэлд шилжүүлсэн байна.

    Улсын геологийн архив нь жирийн архиваас нилээд ялгаатай, мэргэжлийн хяналт ихээхэн шаарддаг өвөрмөц онцлогтой байдлыг харгалзан МАХН-ын  Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 115/150 дугаар тогтоолын дагуу Геологи шинжилгээний газрын мэдэлд дахин шилжүүлсэн байна. Тэр үеэс хойш Геологи шинжилгээний газар Геологийн яам, Түлш эрчим хүч, үйлдвэрийн яам, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны аппаратын зохион байгуулалтанд багтаж Улсын геологийн фондыг хэлтэс гэсэн нэгж болон зохион байгуулж, 3 орон тоотойгоор ажиллаж ирсэн байна.

    Геологийн салбар улам өргөжиж 1963 оноос эхлэн орон нутгийн удирдах газрууд байгуулагдаж,  ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудтай геологийн талаар хамтран ажиллах хүрээ өргөжсөн явдал Улсын геологийн фондын  үйлчилгээний хүрээ эрс нэмэгдэж, зохион байгуулалтын шинэ арга хэмжээ авахад хүргэжээ.

    Геологийн яамны сайдын 1963 оны 1дүгээр сарын 23-ний өдрийн 4 тоот тушаалаар геологийн орон нутгийн удирдах газруудын дэргэд геологийн архив байгуулж улмаар 1973 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тушаалаар орон нутгийн геологийн архивын үлгэрчилсэн дүрмийг батлан гаргаж, мөн оноос эхлэн геологийн архивуудыг орон тооны эрхлэгчтэй болгон геологийн мэргэжил бүхий хүмүүсийг бие даалган дагнуулан ажиллуулсан нь геологийн архивын бэхжилтэнд чухал ач холбогдолтой болсон юм.

    Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны сайдын 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 тоот тушаалаар Улсын геологийн фонд, Институтын архив, Барилгын материалын экспедицийн дахин үнэлгээний 10-р ангиудыг нэгтгэн Улсын геологийн фондыг бие даасан газар болгон өргөтгөн зохион байгуулжээ.

    Энэ үеэс эхлэн Улсын геологийн фонд нь 18 хүний орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэж ирэхийн зэрэгцээ орон нутгийн удирдах газар, экспедицүүдийн дэргэдэх 13 архивыг аргачлалын хувьд шууд удирдаж, геологийн материалын боловсруулалт үйлчилгээг эрхлэн ажилласан байна.

     Улсын геологийн фонд нь эрхлэн гүйцэтгэх ажил үүргийн хүрээний дагуу 1989 оны 06 дугаар сарын  02-ний өдрийн Сайд нарын зөвлөлийн 114 дүгээр тогтоолоор  Улсын геологийн фонд, Хяналтын газар, 1991 оны 09 сарын 23-ний өдрийн 258 дугаар  тогтоолоор Улсын геологийн фонд, Тандан судалгааны төв, 1996 оноос Геологийн мэдээллийн төв  нэртэй болж өөрчлөгдөж иржээ.

    Геологийн архивыг үүсгэн бий болгох, цаашид зохион байгуулж төрийн архив болтол хөгжүүлэн бэхжүүлж ирэхэд үе үеийн ахмад ажилтнууд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Үүнд: Анхны даргаар геологич, доктор. Ж. Дүгэрсүрэн, Б.Банзрагч Д.Цэрэндагва, Д.Дашцэрэн, Д. Маам, Ү. Даш, Ч.Гадиймаа Д.Мэндбаяр, М.Жадамба, Т.Захай, С.Сэлэмбаатар, Д.Баатар, Ч.Хоролсүрэн, Б.Ням, Л. Мягмарсүрэн, С.Нордод, Л. Пүрэвжав, Р.Энхсайхан, Т. Кулжамиш, Ш. Өлзийбаяр, Ц.Цэрэндулам, Д. Туяа болон цааш үргэлжлүүлэн олон сайхан залуучууд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. 

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 461 дүгээр тогтоолд геологийн архивын тайлан мэдээ  хуримтлуулах үндсэн зарчмыг заасан бөгөөд Сайд нарын зөвлөлийн 1963 оны 3 сарын 10 ны өдрийн 114-р тогтоолоор тус орны нутагт хийгдсэн геологи хайгуулын бүх төрлийн ажлыг төвлөрүүлэн бүртгэх , ашигт малтмалын нөөцийн  балансыг нэгтгэн гаргаж байх үүргийг Улсын геологийн фонд (УГФ) хариуцах болсон нь улсын хэмжээнд гүйцэтгэх үүргийг улам өндөржүүлж өгсөн байна.

    ГУУҮЯ-ны сайдын 1976 оны 6 сарын 14-ний өдрийн 23 дугаар тушаалаар баталсан дүрэмд <<Тус улсын дэвсгэр нутаг дээр явагдаж байгаа геологи хайгуулын холбогдолтой бүх төрлийн ажлыг нэгтгэн бүртгэж, геологийн бүх баримтыг  (бичгэн болон зурган, чулууны) төвлөрүүлэн хадгалж түүнийг үндэслэн ашигт малтмалын  нөөцийн баланс, геологийн судалгааны лавлах материалыг боловсруулан гаргаж , улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын үйдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагыг геологийн материалаар үйлчилгээ үзүүлэх  зорилтыг ханган биелүүлнэ.>> гэж тус архивын үүргийг тодорхойлон заасан байна.

    УГФ нь 1973 онд Чех улсын геологийн архив, 1977 онд  ЗХУ-ын Бүх холбоотын геологийн төв архивын туршлагыг судлан өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд 1972 оноос хойш архивын үйл ажиллагаатай холбогдох 10 гаруй заавар боловсруулан архивын ажлын аргачлалыг тогтоосон байна.

    1996 оноос Геологийн Мэдээллийн Төв болгон нэршлийг өөрчлөгдсөнөөс хойш Монгол орны нутаг дэвсгэрт  өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүсийн газрын хэвлийтэй харьцаж геологи, ашигт малтмалын чиглэлээр гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүнгийн холбогдолтой мэдээ баримтыг архивлан, мэдээллийг нэгтгэх, төрөлжүүлэх, ангилах, хураангуйлах зэрэг олон талт хэлбэрээр боловсруулалт хийж хэрэглэгч олонд ойртуулах, мэдээллийн төрлийг олшруулах, нэгдсэн боловсруулалт хийж, төгс мэдээллээр санг баяжуулах зэргээр үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, орон нутагт хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэх замаар мэдээллийн агуулга, ач холбогдлыг нэмэгдүүлэх, сансрын зургийг өөрийн орны геологийн судалгаанд өргөн ашиглах технологийг нэвтрүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна.

    Монгол орны нутаг дэвсгэр дээр 1925 оноос хойших хугацаанд хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүнд боловсруулагдсан геологийн тайлан, эрдэс баялгийн шинжилгээ туршилтын үр дүнгийн тухай дүгнэлт, эрдэм шинжилгээ болон сэдэвчилсэн судалгааны бүтээлүүд, диссертаци, ТЭЗҮ зэрэг баримт бичгүүд нь Геологийн архивт (одоогийн Геологийн мэдээллийн төв)-д хадгалагдаж ирсэн байна.

    Монгол улсын засгийн газрын 1991 оны 170 тоот тогтоолын дагуу 1990 оноос өмнө Монгол улсын хэмжээнд геологийн судалгааны ажил эрхэлж байсан Дарханы геологи хайгуулын анги, Чойрын хайгуулын анги, Хөвсгөлийн зураглалын экспедици, Ховдын зураглалын экспедици, Дорнодын геологи хайгуулын экспедици, Төвийн  геологийн экспедици, Эрэл-Геофизикийн цогцолбор экспедици, Геологийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Олон улсын геологийн экспедици, Оросын Холбооны улсын олон тооны геологийн байгууллагуудын геологийн баримт материалыг 1992-1995 онуудад Геологийн мэдээллийн төвд татан авч төвлөрүүлсэн байна.

    Геологийн архивын сан хөмрөг нь бүх төрлийн геологийн судалгааны ажлын тайлан, мэдээ тэдгээрийн анхдагч материалууд, хавсралт зургууд, бэлтгэсэн болон хэвлэсэн материалууд, агаар, сансрын зураг, байр зүйн зургууд, геодезийн баримт, зургууд, техникийн ном сэтгүүл бусад хэвлэмэл баримт, каталог, судалгааны ажлын үед авагдсан чулуун дээж, аншлиф болон тунгалаг шлиф зэргээс бүрдэх бөгөөд дотроо тайлангийн, чулуун дээжний, анхдагч материалын гэсэн дэд сангуудаас бүрдэнэ.

    Геологийн архивын үндсэн зорилтын нэг бол хадгаламжийн сангийн баримт материалыг судалж эрдэм шинжилгээний анхан шатны боловсруулалт хийж 2-догч архив үүсгэх явдал юм.

    Геологи шинжилгээний газрын 1959 оны 6 сарын 22-ны өдрийн 212 дугаар тушаалд УГФ-ын материал боловсруулах хэсэг байгуулах тухай заасан бөгөөд 1963 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хүний бүрэлдхүүнтэй хэсэг зохион байгуулагджээ.   Цаашид судалгаа болон боловсруулалтаа үргэлжлүүлэн хийж 1971 онд  1:1500000 масштабын геологи, ашигт малтмалын зураг, 1978 онд тектоникийн зураг тус тус хэвлэжээ. ГЭБХ-ийн бүтээл 1:1000 000 масштабын геологийн зургийг 2000 оны байдлаар компьютерын аргаар хэвлэн гаргасан бөгөөд 1:1000 000 масштабтай ашигт малтмалын зургийг 2001 онд зохион гаргалаа.

    Геологийн судалгааны болон ашигт малтмалын мэдээллийн сан байгуулах ажлын эхлэлийг 1993-1994 онд НҮБ-ын төслийн шугамаар гүйцэтгэсэн юм. Энэ төслийн хүрээнд 800 гаруй орд, 5400 орчим илрэл, 7000 шахам уст цэгийн мэдээллийн сан үүсгэж, 1:3200 000-ын масштабаар геологи, тектоник, соронзон, хүндийн хүчний гажигийн болон 1:500 000 –ны масштабын гидрогеологийн, 1:200 000, 1:500 000, 1:50 000-ны масштабын агаарын геофизикийн судалгааны зургуудыг зохиосон байна. Мөн ирээдүйтэй орд илрэлүүд 1800 гаруйг хамруулсан 9 төрлөөр 1:32 00 000-ны масштабын зургийг тайлбарын хамт зохиосон байна. Цаашид ашигт малтмалын орд, илрэлийн байршил, тархац, түүний баримт бичлэг, олсон үр дүн зэрэг тодорхой мэдээллийг нарийвчилсан мэдээллийн сан үүсгэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

    Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, мэдээллээр бүх шатны байгууллага, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг шуурхай болгох, тэдгээр мэдээллийг орчин үеийн эрэлт хэрэгцээг хангасан мэдээллийн сангийн эхлэлийг тухайн үед мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Дашцэрэнгийн санаачлага, чармайлтыг үнэлж баршгүй. Тэрээр цахим техникийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэн байгуулах санаагаа Улсын Геологийн төвийн захирлаар ажиллаж байсан З.Бараст танилцуулж дэмжлэг авч өнөөгийн геологийн мэдээллийн сангийн эх суурийг тавьж чадсан юм.

                Геологийн архивын мэдээллийг ашиглан ашигт малтмалын мэдээллийн сан байгуулах энэ ажлын эхлэлийг 1993-1994 онд НҮБ-ын төслийн шугамаар гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд мэдээллийн сангийн бүтэц, хэлбэр, хэмжээ зэргийг төслийн удирдагч геологич Д.Жаргалсайхан, ерөнхий геологич Ц.Цэрэнжав нар мэдээллийн төвийн ИТА-тайгаа богино хугацаанд боловсруулж геологийн мэдээллийн сан байгуулах нөр их ажлын  эхлэлийг тавьсан нь одоо агуулга нь өргөжин засгийн газрын хөтөлбөр болж хэрэгжсээр байна.

    Энэ төслийн хүрээнд геологийн региональ буюу ерөнхий мэдээлэл, ашигт малтмалын ордын 3 түвшингийн, илрэлийн нэг түвшингийн хэмжээний тодорхой мэдээллийг ТМ Carto төрлийн программаар компьютерт оруулж санг бүрдүүлж эхэлснээс хойш 800 гаруй орд, 5400 орчим илрэл. 7000 шахам уст цэгийн мэдээллээр сан үүсгэж 1:3 200 000 масштабын геологи, тектоник, соронзон, хүндийн хүчний аномалийн зураг, 1:500 000, 1:200 000. 1:50 000 масштабын агаарын геофизикийн судалгааны зургуудыг зохиожээ. Ашигт малтмалын зургийг ирээдүйтэй орд, илрэлүүд 1800 гаруйг хамруулан 9 төрлөөр 1:3 200 000 масштабаар зохиож гаргажээ.

    1.Сансрын зургийн тоон мэдээллийг боловсруулах төсөл:

    1997 оноос БНФранц улсын тусламжаар сансрын зургийн тоон мэдээллийг боловсруулан геологийн судалгаанд ашиглах зорилго бүхий “МЭИЖИК&#8221; төсөл хэрэгжиж эхэлсэн нь боловсон хүчин болон техник тоног төхөөрөмжийн хувьд тодорхой шинэчлэлт хийгдэж мэдээллийн газрын тухай мэдээллийн нэгдсэн системээр боловсруулах боломжтой болсон байна.

    Хүндийн хүчний хээрийн судалгааны ажлын үр дүнг нэг түвшинд оруулах замаар 1998 онд хийгдсэн мэдээллийн санг 155358 цэгээр DBASE программ ашиглан бүрдүүлж дуусаад байна. Үр дүнг нь 1:1 000 000 масштабын хүндийн хүчний зураг байдлаар хэвлэн гаргасан. Түүнчлэн 1998 онд олон улсын жишгээр өөрийн орны эрдэмтэн геологичдын хүчээр зохиож боловсруулсан 1:1000 000 масштабын геологийн зургийг компьютерт оруулж дуусаад, улам нарийвчлан 1:500 000, 1:200 000-ны масштабаар хийгдсэн байна. 

    2.Нөөцийн хөдөлгөөний нэгдсэн бүртгэлийн сан:

    1959 оноос ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний бүртгэлийг хийж эхэлсэн бөгөөд нөөцийн нэгдсэн хөдөлгөөн хийж балансжуулах, нөөцийн нэгдсэн сан үүсгэж,  ашигт малтмалын олборлосон, хаясан, бохирдуулсан, хайгуулаар нэмэгдсэн зэрэг бүхий л хөдөлгөөнийг жил жилээр нь компьютерт сан үүсгээд байна.

    3.Франц-Монголын хамтарсан геологи мэдээллийн санг хөгжүүлэх төсөл:

    1997-1999 онуудад Франц улсын СПОТ-ИМАЖ компанитай байгуулсан MAGIC төсөл хэрэгжиж дууслаа. Энэ төслийн хүрээнд орчин үеийн компьютерын техник хэрэгсэл суурилуулж түүнийг ажиллуулах өндөр мэдлэг чадвартай инженерүүдийг бэлтгэн мэргэшүүлснээр сансрын зурагт тайлал хийж газрын хөрс, чулуулагтай холбоотой бүхий л мэдээллийг амар хялбархан олж авах боломжтой болгосон.

    4.Сансрын зургийн тайлалтын R7198 төсөл:

    Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим нутаг дэвсгэрт сансрын зурагт тайлал хийх замаар геологийн тогтоцыг шалган магадласаны үндсэн дээр шинэлэг мэдээллийг богино хугацаанд бага зардлаар олж авах туршилтын ажлыг Их Британы Нэгдсэн Вант Улсын геологийн албатай байгуулсан хамтарсан  R7198 төслийн хүрээнд амжилттай дууссан.

    5.“Монгол орны 1:1000000-ны харьцал бүхий геологийн зураг’ зохиох, мэдээллийн сан үүсгэх төсөл:

    1999 онд Монгол орны 1:1000000-ны харьцалтай геологи ашигт малтмалын нэгдсэн зураг зохиогдсоноос хойш 27 жилийн дараа шинэчлэн зохиох төсөл хэрэгжиж  дуусгалаа. Энэ зургийг зохиосноор ашигт малтмалын гарал үүсэл, ангиллын талаар шинэлэг ойлголт, шинэ санааг мэргэжлийн хүмүүст өгч цаашдын судалгааны ажлын чиглэлийг сонгон авахад ач холбогдолтой болсон.         

    6. “Ажбогдын 200” төсөл:

    1999-2003 онуудад явуулсан энэхүү судалгааны ажил нь Геологийн мэдээллийн төвийн геологчдын гардан гүйцэтгэсэн 1:200 000-ны масштабтай бүлэгчилсэн зураглалын томоохон ажил хийж, төсөлд заасан арга аргачлалын дагуу мэдээллийн сан үүсгэх ажил амжилттай хэрэгжиж дууссан.

    7.Литогеохимийн мэдээллийн сан бүрдүүлэх төсөл:

    1986 оноос эхлэн SuperCalc төрлийн программ хангамж ашиглан бүрдүүлж эхэлсэн бөгөөд 1998 онд геологийн судалгааны ажлын үед авсан 2773 сорьцны шинжилгээний үр дүнг цахим санд оруулж санг бүрэн дуусгаагүй. Одоо үргэлжлэн хийгдэж байгаа төсөл.

    8.Засгийн газрын Гео- мэдээллийн сан хөтөлбөр: (2000-2010 он):

    Монгол Улсын Засгийн газар 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоолоороо “Монгол орны геомэдээллийн сан“  хөтөлбөрийг батлахаас өмнө  тус архивт геологийн региональ буюу ерөнхий мэдээлэл, ашигт малтмалын ордын 3 түвшингийн, илрэлийн нэг түвшингийн хэмжээний тодорхой мэдээллийг ТМ Carto төрлийн программаар 800 гаруй орд, 5400 орчим илрэл, 7000 шахам уст цэгийн мэдээллийг компьютерт оруулж сан үүсгэж, 1:3200000 масштабын геологи, тектоник, соронзон, хүндийн хүчний аномалын зураг, ашигт малтмалын зургийг 9 төрлөөр 1:3200000 масштабын зургийг растер хэлбэрээр мөн бичмэл мэдээллийн сан бvрдуулэх, хатуу ашигт малтмалын орд, илрэлийн бvртгэлийн 5, уст цэгийн  3,  геологийн тайлангийн агуулгын 1 загварыг боловсруулан мөрдөж, геологийн судалгааны vр дvнгийн мэдээллийн 18-20 хувь компьютерийн мэдээллийн санд оруулсан байсан.

    Геологийн архивын баримтанд тулгуурлан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д тулгуурласан мэдээллийн сан үүсгэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад үйлчилснээр тэдний сонирхлыг татах, геологи-уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, улс орны эрх ашиг болон эдийн засагт тодорхой ач холбогдол бүхий талбайнуудад судалгаа явуулах төлөвлөлтийн үндэслэлийг боловсронгуй болгоход  оршиж байлаа. Ийнхүү геологийн мэдээллийн сан бүрдүүлэх төслийн хүрээнд дараахь мэдээллийн санг үүсгэлээ. Үүнд: байр зүйн зургийн сан, геологийн зураг, баримт материалын зураг, геоморфологийн зураг, тектоникийн зураг, агаарын соронзон орны зураг, агаарын комплекс судалгааны уран, торийн утгын зураг, ашигт малтмалын зураг, шлихийн зураг, уст цэгийн байршлын зураг, судалгааны зураг зэрэг бусад дэд сангууд үүссэн байна.