2024-12-04
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэвлэлийн мэдээ

Олон Улсын Геологийн 37-р конгресс Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод зохион байгуулагдлаа

Олон Улсын Геологийн 37-р конгресс Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод 2024 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Геологийн конгресст Монголын талаас Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг тэргүүтэй албан хаагчид, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Монголын геологийн холбоо, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, “Эрдэнэт” ТӨҮГ, Солонгос Улсын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн судлаач, Япон Улсын Нагояагийн Байгаль Орчны Их Сургуулийн докторантууд, МУИС-ийн Геологи Геофизикийн тэнхимийн бакалаврын 4-р түвшний оюутан болон хувийн хэвшилд ажиллаж байгаа  салбарын эрдэмтэд, судлаачид, геологичдын төлөөлөл болох 30 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

Олон Улсын Геологийн 37 дахь конгрессын онцлох сэдвүүд нь “Критикал ашигт малтмал”, “Геологийн салбар дах хиймэл оюун ухаан /AI/-ы хэрэглээ, шаардлага” “Геопарк-геологийн өвийг хэрхэн тодорхойлох, хамгаалах, эдийн засгийн үр ашигтай байлгах”, “Геологийн салбарын ёс зүй”, “Төрийн бодлогод геологийн салбарын үүрэг оролцоо” зэрэг маш өргөн цар хүрээтэй, геологийн салбарынханы хувьд үр өгөөж сайтай арга хэмжээ болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээний үеэр Үндэсний геологийн албаны төлөөлөл Канадын Геологийн алба, Францын геологийн Албадтай уулзалтуудыг зохион байгуулж, санал солилцон дараагийн хамтын ажиллагааны талаарх чиглэлээ тодорхойллоо.

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Монголын геологийн холбоо Бүгд Найрамдах Солонгос Улсын геологийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүллээ. Конгрессын хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр ерөнхий зохион байгуулах хорооноос 2028 онд Олон Улсын Геологийн 38 дахь конгрессыг зохион байгуулах улс, хотоор Канад Улсын Калгари хот сонгогдсон болохыг зарлав.