Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг тэргүүтэй геологийн албаны төлөөлөгчид Канадын Ванкүвэр хотод Канадын Ашигт малтмалын хайгуулчдын холбооны “AME Roundup” олон улсын чуулга уулзалтад оролцов.
Чуулга уулзалтын үеэр төлөөлөгчид Канадын Геологийн албаны дарга Соня Талуар, Номхон далайн бүсийн захирал Томас Уайт нар болон мэргэжилтэн, судлаачидтай уулзлаа. Талууд хоёр орны геологийн байгууллагууд хооронд хэрэгжүүлж буй техник туслалцааны түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнг сайшааж, цаашид мэргэжилтнүүд сургах, дадлагажуулах чиглэлд төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.
Мөн Үндэсний геологийн албанаас хэрэгжүүлсэн гео-орчны судалгааны төслүүд, одоо хэрэгжүүлж байгаа гидрогеологийн зураг зохиох ажил, гео-өгөгдөл түгээх дамжуулах системийн хөгжүүлэлтийн талаар танилцуулж, хөрсний гулгалт, цэвдэг судлал, гидрогеологи, байгалийн болон өдөөгдмөл чичирхийллийн судалгаа, газар хөдлөл түүнтэй холбоотой гео-гамшигийг үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг судалж үзэхээр болов.
Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг нар Бритиш Колумб мужийн Уул уурхай, чухал ашигт малтмалын Дэд сайд Нэйт Аманн-Блэйк, Туслах дэд сайд Кендра Жонстон нартай уулзаж чухал ашигт малтмалын чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар, Бритиш Колумбийн Их сургуулийн Дэлхий, Далай, Агаар мандлын газрын дарга Доктор, профессор Эрик Эберхард, Доктор, дэд профессор Жойл Сэйлор нартай уулзаж, геологи, ашигт малтмалын чиглэлд мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан сургалт хэрэгжүүлэх, БКИС-ын дэргэдэх Ашигт малтмалын ордын судалгааны төвтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia






