2024-11-25
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ТӨРЛӨӨ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын Захирал Н.Ганболдыг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнуулсанд Үндэсний геологийн албаны удирдлага, хамт олон баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Н.Ганболд нь 1985 онд ОХУ-ын Уралын Уул уурхай, геологийн их сургуулийг төгсөж Налайхын уурхайн трест /хуучин нэрээр/-д инженер, маркшейдераар ажлын гараагаа эхлүүлж өнөөг хүртэл геологи, уул уурхайн салбарт тасралтгүй ажиллаж байна.

Тэрээр Багануурын нүүрсний хоёрдугаар уурхайн өргөтгөл, Шивээ овоо уурхайн ерөнхий төлөвлөгөө, Шарын голын нүүсний уурхайн шүүрүүлэх уурхай, Хар тарвагатайн нүүрсний уурхай, Цагаан чулуутын гантигийн уурхай, Баянтээгийн нүүрсний уурхайн эрчим хүчний цахилгаан дамжуулах шугамын трассын зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож 20 гаруй төслийн зохиогчоор ажилласан байна.

2016 оноос Геологийн судалгааны төвийн захирлаар ажиллах хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрэл, региональ геологийн болон сэдэвчилсэн судалгааны нийт 13 төслийг удирдан зохион байгуулж ажиллажээ. Түүний Монгол улсад үнэт металлын орд, илрэлийг нээж илрүүлэх, эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол улсын төрөөс үнэлэн “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан явдалд Геологийн салбарын хамт олноос халуун баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА