2026-07-09
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (SC.D) ДОРЖИЙН ДОРЖНАМЖАА “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

Монгол Улсын геологийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Биостратиграфийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор (Sc.D), ОХУ-ын Байгалийн ШУА (TWAS)-ийн жинхэнэ гишүүн, профессор Доржийн Доржнамжаа Төрийн дээд шагнал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдлаа.

Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Доржнамжаа нь Монголын геологийн шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй эрдэмтэн бөгөөд стратиграфи, метаморф чулуулаг, палеонтологи, ашигт малтмалын геологи, экологи-геологийн судалгааны чиглэлээр олон арван жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн гавьяат зүтгэлтэн юм.

Нийт 20 орчим орд, илрэлийг нээн илрүүлж, Алагийн Даваа, Цахир Уулын орд газруудын нөөцийг үйлдвэрлэлийн аргаар 30 сая тонноор баталгаажуулж ашиглалтад бэлтгэсэн байна. 1967-2021 онд гүйцэтгэсэн нэг сэдэвт зохиол 17, хамтын бүтээл 9, эрдэм шинжилгээний өгүүлэл 330 орчим, Монгол оронд алт, алмаазжилттай астропаип буюу одны цоргыг анх удаа судалж илрүүлсэн нь байгалийн шинжлэх ухааны нээлт болон хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Түүнчлэн эрдмийн бүтээлүүд нь Англи, АНУ, Канад, Япон, Итали, Испани,  Германи, Бразил, Казакстан, Өмнөд Африк, Австри, ОХУ, БНХАУ, Австрали, Украйн, Малайз, Энэтхэг, Филиппин, Португали, Польш зэрэг улс орнуудад удаа дараа хэвлэгджээ.

Д.Доржнамжаа нь 1999 оноос Монголын Стратиграфийн комиссын үйл ажиллагаанд манлайлан оролцож, 2000 оноос экологи-геологийн судалгаа, 2001 оноос Монголын бактерийн палеонтологийн шинэ чиглэлийг үндэслэн хөгжүүлэх ажлыг тус тус санаачлан хэрэгжүүлж байна. Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, улам их амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field