Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол Улсын Архивчдын өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, Архив, албан хэрэг хөтлөгчдийг төлөөлж 500 гаруй хүн оролцлоо.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлэхдээ:
Архивын байгууллагын цаашдын хөгжил дэвшлийг хурдасгах, Үндэсний үнэт зүйл, өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч орчин үеийн техник, технологи, инновацын шийдлийг ашиглан бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архивыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг цохон тэмдэглэв.
Цаашид энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх нь төрийн ой санамж болсон архивын албаны хөгжил дэвшил, ажил үйлсэд тустай хэмээн үзэв.
Тус чуулганд Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архив хариуцсан хэлтсийн дарга М.Баясгалан болон тус архивын Эрдэм шинжилгээний ажилтан М.Бадамцэцэг, Үндэсний геологийн албаны Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан Х.Ариунбаяр нар оролцлоо.