Монгол улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2024 оны 10-р сарын 17-нд амжилттай зохион байгууллаа.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, ШУА-ийн Геологийн Хүрээлэн, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл, Эрдэнэт Үйлдвэр, ТӨҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд эрдэмтэн судлаачид, багш, геологичид, оюутнууд, хувийн хэвшлийн байгууллагуудын 300 гаруй төлөөлөл оролцов.
Монгол улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын гишүүн Б.Уянга, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат нар үг хэлэв.
Тус Эрдэм шинжилгээний хуралд аман илтгэл-28, ханын илтгэл-17 тус тус хэлэлцэгдсэн бөгөөд хэлэлцэгдэж буй илтгэлүүд нь региональ геологи, тектоник, палеонтологи, стратиграфи, геофизик магматизм, петрологи болон ашигт малтмалын чиглэлүүдээр геологи судлалын хүрээнд хийгдэж буй судалгааны дэвшилтэд арга аргачлалд үндэслэгдсэн судалгааны хамрах хүрээ өргөн, шинэлэг онол-практикийн үзэл санааг дэвшүүлсэн сонирхолтой үр дүнгүүд их байв. Мөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.
Энэ удаагийн хурлын онцлог нь салбарын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, геологичид болон оюутнуудыг өргөнөөр хамруулснаас гадна Монгол улсаас гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа залуу эрдэмтэн Германы Гёттинген Их Сургуулийн доктор Г.Ариунцэцэг “Хадей–Эоархейн гранитоид, дэлхий нийтийн Hf изотопын трендээр эртний эх газрын царцдасын өсөлтийг тайлбарлах нь” сэдвээр, Тохокүгийн Их Сургуулийн Ахисан түвшний хүрээлэгч орчны судалгааны сургуулийн туслах профессор, доктор Д.Отгонбаяр “Хэт суурилаг чулуулгийн серпентинжих процесс болон метаморфизм: Монгол дахь офиолитуудын жишээ” сэдвээр, мөн Тохокүгийн Их Сургуулийн Ахисан түвшний хүрээлэгч орчны судалгааны сургуулийн доктор Б.Манзшир “Завхан террейний хэмжээнд түрүү Палеозойн цаг үед хөгжсөн эклогитын метаморфизмын хөгжил, түүний гарал үүсэл” сэдвээр онлайн илтгэлүүд хэлэлцүүлсэн явдал байлаа.
Хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаач, геологич болон оюутан нарын судалгааны ажлыг урамшуулах зорилгоор эрдэмтэн судлаачид, геологичдын дунд шилдэг аман болон ханын илтгэгч, оюутнуудын дунд мөн шилдэг аман болон ханын илтгэгч гэсэн 4 ангилал тус бүр байр шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа.Үүнд: Эрдэмтэн судлаачдын аман “Шилдэг илтгэгч”-ээр Тохокүгийн Их Сургуулийн Ахисан түвшний хүрээлэгч орчны судалгааны сургуулийн туслах профессор, доктор Д.Отгонбаяр нарын “Хэт суурилаг чулуулгийн серпентинжих процесс болон метаморфизм: Монгол дахь офиолитуудын жишээ” сэдэвт илтгэл, ханын “Шилдэг илтгэгч”-ээр ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн доктор Ж.Ундаръяа нарын “Алтайн цаадах говийн остракодын судалгаа” сэдэвт илтгэл, докторант-магистрант оюутны ханын “Шилдэг илтгэгч”-ээр ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн докторант Б. Энхдалай нарын “Монгол Алтай группийн Майхант формацын тунамал чулуулгийн геохронологи ба геохими (Таванбогдын бүс)” сэдэвт илтгэл, бакалаврын ханын “Шилдэг илтгэгч”-ээр ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан О. Ижилмөрөн нарын “Дөш Хайрхан талбайн остракодын судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлын шүүгчдээр ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн доктор Н. Тунгалаг, Д.Одгэрэл, Т. Оюунчимэг, Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Л. Жаргал, дэд профессор, доктор Х. Уламбадрах, доктор Л. Оюунжаргал, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн доктор Д. Энхбаяр, дэд профессор, доктор Алтанзул, доктор С. Хишигсүрэн, Геосан ХХК-ийн зөвлөх геологич Ж. Тогтох, “Велсмон” ХХК-ний докторант Б. Мөнхбат нар уригдан ажилласан ба шүүгчдэдээ талархал илэрхийлье.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар олон арван илтгэлийг хэлэлцэж, геологийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр болох дэвшилтэд аргачлал, шинэлэг санаа, үзэл бодлыг нийтэд хамтран түгээж буй та бүхэндээ талархаж байна.