2025-10-18
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Монгол улсад геологийн алба үүсэж хөгжсөний 86 жил, геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ойн баярын мэндчилгээ

Эрхэм хүндэт ахмад геологичид, үе үеийн судлаач, эрдэмтэн, инженерүүд, салбарын урам зориг дүүрэн залуус аа,
Өнөөдөр бид Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний 86 жил, мөн геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн түүхт ойг хамтдаа тэмдэглэж байна.

Өнгөрсөн замнал — Монголын геологийн албаны түүхэн гавьяа

Ахмад үеийн геологичид маань аливаа бэрхшээл саадыг даван туулж, хүнд нөхцөлийг үл ажран ажиллаж, манай улсын зэс, нүүрс, алт, флюорит, уран, төмөр, газрын ховор элемент, нефтийн олон арван ордын нээлтийг хийж, Монгол орны геологийн судалгааг дэлхийн түвшинд гаргасан билээ.

Энэ амжилт бол нэгэн цагийн хөдөлмөр биш — үе үеийн судлаачдын ухаан, тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

Өнөөдрийн бидний зорилт — шинжлэх ухаан, технологид тулгуурласан шинэ үе

Өнөөдөр Үндэсний Геологийн Алба нь Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан геологийн суурь мэдээлэлтэй улс болох зорилт тавин ажиллаж байна.
Мөн бид геологийн судалгааны үр дүнг зөвхөн эрдэс баялгийн судалгааны зорилгоор бус, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шийдвэр гаргалтад шууд ашиглахуйц нэгдсэн систем болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Ирээдүй рүү — дэлхийн геологийн шинжлэх ухааны чиг хандлага ба бидний байр суурь

Өнөөдөр дэлхийн геологийн шинжлэх ухаан “эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил”-ийн шинэ эринд орж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, дижитал хувьсгалын нөлөөгөөр
нэн эрэлттэй эрдэс баялгийн бүтэц өөрчлөгдөж, критикал буюу стратегийн ашигт малтмалын эрэл хайгуул дэлхийн улс орнуудын өрсөлдөөний шинэ талбар болж байна.

Бид энэ чиг хандлагад нийцүүлэн:

  • Лити, газрын ховор элемент, зэс, никель, кобальт, уран зэрэг эрчим хүчний шилжилтийн түүхий эдийг судлах,
  • Тэдгээрийн геологийн тогтоц, ордын төрөл, потенциалын үнэлгээг шинэ түвшинд гаргах,
  • AI, Machine Learning, Big Data, Remote Sensing зэрэг технологийг геологийн судалгаанд нэвтрүүлэх,
  • Геологийн мэдээллийг ил тод, нээлттэй, хэрэглэгчдэд чиглэсэн хэлбэрт шилжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Ирэх жилүүдийн зорилт — үндэсний геологийн шинэ хуудас

2026–2030 онд бид:

  • Улсын хэмжээнд агаарын геофизикийн иж бүрэн зураглалыг дуусгаж,
  • 1:200,000 масштабтай үндэсний геохимийн зураглалыг бүрэн шинэчилж,
  • Дижитал геологийн нэгдсэн мэдээллийн платформыг олон улсын түвшинд хүргэж
  • Геологийн мэдээлэлд суурилсан хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын шинэ загварыг нэвтрүүлэхээр ажиллана.

Эдгээр ажлууд бол зөвхөн манай байгууллага, салбарын зорилт биш,

Монгол Улсын байгалийн баялагт суурилсан тогтвортой хөгжлийн суурь үндэс болох юм.

Өнөөдрийн энэ баярын өдөр бол бидний бахархал, ахмад үеийн алдар гавьяаг дурсах, залуусын урам зоригийг бадраах, ирээдүйгээ зоригтой харж төлөвлөх өдөр юм.

Геологич хүн бол газар дэлхийн түүхийг уншиж чаддаг хүн.
Тиймээс бидний ажил бол өнгөрснийг судлахын зэрэгцээ ирээдүйг бүтээх үйлс юм.

Ахмад үеийнхэндээ гүн талархал илэрхийлье.
Өнөөгийн урам зориг дүүрэн залуу геологичиддоо амжилт хүсье.
Монголын геологийн салбарын ирээдүй гэрэлтэй байна.

Баярын мэнд хүргэе!

slot online