2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Шинжлэх ухаан технологийн санд хадгалагдаж байсан байгалийн шинжлэх ухаан, геологи, уул уурхайн чиглэлийн судалгааны ажлын тайлан,  баримтуудыг Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивын сан хөмрөгт татан төвлөрүүллээ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1993-2023 онуудад гүйцэтгэсэн байгалийн шинжлэх ухаан, геологи, уул уурхайн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын тайлан, баримтууд болох 244 тайланг  Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивд татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Дээрх судалгааны ажлын баримт, тайлангууд нь геологийн салбарын төрөлжсөн архив болох Геологийн баримтын төв архивд тушаагдаагүй байсан ба эдгээр тайлан, материалуудыг хүлээн авч, мэдээллийн санд бүртгэж, нийтийн хэрэгцээнд, үйлчилгээнд гаргах нь Монгол орны геологи, эрдэс баялгийн салбарын мэргэжилтэн, судлаачид, үйлдвэрлэлийн инженерүүд, хөрөнгө оруулагчид, оюутан залууст үнэтэй, чухал мэдээлэл болно.

Цаашдаа Үндэсний геологийн албаны зүгээс гаднын болон өөрийн улс орны холбогдох архив, геологийн фондуудад байгаа геологийн судалгааны ажлын тайлангууд болон эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг Геологийн баримтын төв архивд татан төвлөрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

Мөн Монгол Улсын Төрийн соёрхолт, ОХУ-ын Байгалийн ШУА-ийн академич, Монгол Улсын ШУА-ийн гишүүн, ШУТИС-ийн хүндэт профессор, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор  (Sc.D), профессор Жамбын Бямба, Геологи-минералогийн ухааны доктор  (Ph.D), Монгол Улсын зөвлөх геологич Галсангийн Жамсрандорж, доктор  (Ph.D), Монгол Улсын зөвлөх геологич Наваанлувсангийн Лхагва нарын салбарын эрдэмтэд Геологийн баримтын төв архивд геологийн чиглэлийн ном, бүтээлүүдийг хувийн зүгээс хандивласанд талархал илэрхийлж байна.