БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 11 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “DEEP&TOPO-2026” олон улсын симпозиумын үеэр Үндэсний геологийн алба болон Хятадын Геологийн шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Монголын Стратиграфийн комиссын нарийн бичгийн дарга, Доктор Ц.Наранцэцэг, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, эрдэс баялгийн судалгааны төвийн захирал, Геологи, геофизикийн тэнхимийн профессор, Доктор Х.Уламбадрах болон Хятадын Геологийн шинжлэх ухааны академийн удирдлагууд оролцож “Зүүн Азийн конвергент хил зааг, литосферийн өөрчлөлт болон газрын гадаргын хувьсал”-ыг судлах геологийн шинжлэх ухааны судалгааны төслийн хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор баталгаажуулав.
Энэхүү гэрээ нь Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны харьяа Хятадын Геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Геологийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжиж буй бодит алхам юм.
Гэрээ байгуулагдсанаар хоёр талын эрдэмтэн, судлаачид дараах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байна. Үүнд:
• Зүүн Азийн бүс нутгийн гүний геологи, тектоник хөдөлгөөн болон литосферийн хувьслыг нарийвчлан судлах;
• Монголын өндөрлөгийн үүсэл, хөгжил ба литосферийн гүний процессыг судлах
• Судалгааны мэдээлэл, дата өгөгдөл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл туурвих болон судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх.
Мөн айлчлалын үеэр Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг симпозиумын дээд хэмжээний салбар хуралдаанд оролцож, бүс нутгийн геологийн судалгааны чиг хандлагын талаар олон улсын эрдэмтэд, байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо.






Leave feedback about this